Тулгаа

Admin
Үл хөдлөх хөрөнгө

Үл хөдлөх хөрөнгө гэж юу вэ?

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХАРИЛЦАА

Хөрөнгийн төрлүүдийг авч үзвэл үл хөдлөх хөрөнгө нь эд зүйл буюу биет хөрөнгө гэсэн материаллаг байдаг ба газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна. Харин хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгөөс бусад эд зүйлс хамаардаг бол эзэмшигч этгээддээ ашиг өгөх , эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйлийг эдийн бус хөрөнгөд хамруулж үздэг.

Үл хөдлөх хөрөнгө нь хүний амьдралын гол хэрэгцээ болох оршин суух, аж төрөх боломжийг бий болгодгоороо бусад эд баялагтай харьцуулбал хамгийн их ашиг тустай. Түүнээс гадна үл хөдлөх хөрөнгө нь байгалийн нөхөн сэргээгдэшгүй хязгаарлагдмал нөөц болох газар, хүний хөдөлмөр соёл иргэншлийн бүтээн байгуулалт болох барилга, байгууламж, хүмүүсийн ахуй амьдрал, амьжиргааны эх үүсвэр болох таваар, үйлдвэрлэлийн хэрэгсэл болж байдаг. Эдгээр зориулалтууд нь үл хөдлөх хөрөнгийг өмчлөлийн зүйл, бизнес,  хөрөнгө оруулалтын эх сурвалж болгож байдаг билээ.

Үл хөдлөх хөрөнгө хүний хэрэгцээг хангах чадвар, түүний ашигт байдал, хэрэглээний чанар нь түүний үнэ цэнийг нь тодорхойлж байдаг. Гэхдээ ашигт байдал, хэрэгцээг хангах чадвар нь тухайн цаг үеийн хөгжил дэвшил, шинэчлэл, нийгмийн сэтгэхүйгээс хамаараад хувьсаж байдаг ухагдахуун тул энэ байдлыг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, эдийн засгийн ойлголтууд өнөөг хүртэл хувьсан өөрчлөгдөж иржээ. Үл хөдлөх хөрөнгийн харилцааны эрх зүйн орчин, зохицуулалт нь улс бүрийн хувьд өвөрмөц онцлог зохицуулалттай, харилцан адилгүй түүхэн шатуудыг дамжин хөгжиж ирсэн.